Цагаадайн улс Их Монгол улсын залгамжилсан дөрвөн Монгол хант улсын нэгэн байв. Чингис хааны цэрэг 1219-1225 оны хооронд Дундад Азид төвлөн байсан Сартуул улсыг байлдан дагуулж мөхөөж газар нутаг хүн ардыг нь харъяандаа оруулсан. Чингис хаан амьд ахуйдаа дөрвөн их хүүдээ улсаа хуваан өвлүүлэхээр заасан байдаг. Цагаадайд өвлүүлсэн улсад өнөөгийн Казахстан, Узбекистаны дорно бие, Кыргызстан, Тажикистан бүхэлдээ, Шиньжяны өрнө бие багтаж байжээ. Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол Улс Зүчийн, Цагаадайн, Хүлэгийн, Их хааны дөрвөн тусгаар улсад хуваагджээ. 1326 онд Ислам шашин Цагаадайн улсын үндсэн шашин болжээ. 1370 оны орчим улс Могулистан, Мавераннахрын хоёр хэсэг болон хуваагдсан. Гэвч 17-р зуун хүртэл Цагаадайн удмын улс хант улс оршин тогтносоор байсан билээ. Чингис хаан амьд сэрүүндээ дөрвөн хөвгүүддээ газар нутаг хувааж өгсөн гэдэг. Цагадайд чухам ямар газар нутаг өгсөн талаар судлаачдын санал их зөрөөтөй байна. Цагадайн эзэмшил газар хийгээд орд өргөөгийн талаар хамгийн анхны мэдээ бол Чан Чунь бомбын тэмдэглэл юм. Тэрээр 1221 онд Чингис хаантай уулзахаар Дундад Ази руу одохдоо болон 1223 онд түүнтэй уулзаад буцахдаа Цагадайн өргөөгөөр дайран өнгөрсөн тухай тэмдэглэсэн байна. Энэ үед Цагадайн өргөө Или голоос урагш байрлаж байв. [Бартольд 1963 a:460]. Г.В.Вернадскийн үзэж буйгаар Чингис хаан Цагадайд “Или голын саваар төвлөрсөн хуучин Хар Киданы газар нутгийг” хувь болгон олгожээ. [Вернадский 2001:52]. Цагадай “эцгийгээ нас барсны дараа эзэгнэл нутагтаа байх болж түүнд нь Уйгурын нутаг, Хара Киданы хуучин эзэмшил, Мавераннахр багтаж байлаа” хэмээн Ж.Ж.Саундерс өгүүлжээ. [Саундерс 1992: 82]. В.В.Бартольд бичихдээ: “Чингис хааны нөгөө хоёр хүү болох Цагадай, Өгөдэй нарт чухам хэзээ хувь олгосон тухай бидэнд мэдээ хараахан алга. Тэдний хувь газрын тухай хамгийн эртний мэдээ сэлтийг бид энэ нутгаар 1221 онд очихдоо,1223 онд буцахдаа дайран өнгөрсөн Чан Чуний тэмдэглэлээс олж үзэж болно. Цагадайн орд энэ үед Илийн урд биед байрлаж байв” гэжээ. [Бартольд 1963 a:460].Сурвалжийн мэдээ мөшгөвөөс Лу. “Алтан товч”-д: “Чагадайг сартагчны газарт салгав” гэжээ. [Алтан товч 1990: 137]. Мөн тэнд “Чагадай эзний үр (хөвгүүд) зүүн зах нь Хэмил (Хамил) буй. Баруун зах нь Бургари (Болгар), Сэмисгин Самурхан (Самарканд), эд агсу (хүртэл) захачлан түмэн хот мэдэн эзлэв” гэжээ. [Алтан товч 1990: 147]. Дээрх мэдээг тулгуурлан үзвээс Чингис хаан Цагадайд хувь болгож Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг дэвгэр буюу хуучин Хар Киданы нутаг дэвсгэрийг таслан өгчээ. Хар Киданчууд 936 оноос 1122 он хүртэл Бээжинг захирч байгаад 1128 онд зүрчдийн “Алтан хаанд” хөөгдөн Бээжингээс зугтан гарч Тэнгэр уулын баруунтаа очсон байна. Хэдийгээр тэд хятадын соёл иргэншлийг өвлөж авсан ч шинэ нутгийн түрэгүүд тэдэнтэй хоршин амьдрах болов. Тэгэхдээ тэдний нэг хэсэг, тухайлбал Долоон гол хавийнх нь бөө мөргөлтөн, зарим нь несториан, лалын шашинтан, харин Кашгар, Яркенд, Хотаны оршин суугчид толгой дараалан мусульманчууд байсан аж. 1229 онд эцгийнхээ их орд суусан Өгэдэй хаан зүрчидийн Алтан улс руу дайн хийж эзлээд 1236 онд “ Хятадын нутгийг ноёд болон хааны ах дүү нартаа хуваан эзэмшүүлэв. …Цагадайд Тхай-юань-фү, Гүюгт Да-минь-фү, … Цагадайд Даньцзинь… өгчээ. Хаан газар сайгүй дарга нарыг тодруулж, тухайн нутагт орлого цуглуулах түшмэдийг тавьжээ. Тэнд хаадын зарлиггүйгээр хэн ч газрын түрээс авах, цэрэг татахыг зүрхэлдэггүй байлаа” хэмээн Н.Я.Бичурин бичжээ. [Бичурин 1829:126]. Цагадай эзэмшилд орсон Тхай-юань-фу гэдэг нь Шаньси мужийн Тай-юань-фу хот, Даньцзинь гэдэг нь Шенси мужийн зүүн урд байх Нинь-цянь-чжэу хот мөн хэмээн “Монголын 100 хаан, найман богд” цувралын “Цагадай хаан” цувралд өгүүлсэн байна. [Хаадын сан 2000: 56]. Рашид-ад-Дины “Судрын чуулганд” Цагадайн эзэмшил газар бол Найманы аймгийн нутаг байсан Алтайн уулнаас Жейхун (Сыр-дарья) мөрөн хүртэл нутаг болно хэмээжээ. [Рашид-ад-Дин т.II:94]. Энэ мэдээгээр Цагадайн улсын бүрэлдэхүүнд Хар-Киданы нутгаас гадна Сыр-дарья болон Аму-дарья мөрний хоорондох сав газар буюу Мавераннахр багтаж байгаа билээ. Гэхдээ Мавераннахрын баруун хэсэг буюу хоёр мөрний адаг Зүчийн эзэмшилд багтах ажээ. Чингис хаан Мавераннахрын захирагчаар Махмуд Ялавачийг томилсон нь эл газар нутаг их хааны мэдэлд байсан гэсэн үг юм. Тийм ч учраас Рашид-ад-Дин дараах нэгэн сонирхолтой мэдээг иш татсан байна. “Өгөдэй хааны үед их хааны зарлигаар Ялавачийн мэдэлд байсан Мавераннахрын зарим мужийг Цагадай өөр хэн нэгэнд шилжүүлэн өгөх тухай зарлиг буулгасан гэдэг. Ялавач энэ нөхцөл байдлыг хаанд танилцуулав. Хаан, Цагадайгаас энэ тухай лавлан асуусан зарлиг илгээж хариу бичиж илгээхийг тушаасан байна. Цагадай: ”Би бодлогогүй ёс алдлаа, хариу болгож бичих зүйл ч алга. Гэвч хаан намайг заавал хариул гэж зарлигдсан учир ийнхүү бичив” хэмээн хариулжээ. Хаанд энэ нь ихэд таалагдсан учир тэрээр түүнийг уучилж тэр нутгийг Цагадайд инж болгон өгөв” гэжээ. [Рашид-ад-дин т. II:102]. Энд өгүүлж буй инж гэдэг нь алтан ургийнханы дунд өгөлцөх эзэмшил газрын хэлбэр бололтой.