Монголын хаадын түүх
2014-05-27
Ану хатан
9.
Манж Чин улсаас бүх Монголыг эзлэн авах гэсэн түрэмгий бодлогыг эцсээ хүртэл эсэргүүцсэн цогтой тэмцэгч Ойрадын Галдан /1644-1697/-гийн хамтран зүтгэгч нь Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан явсан түүх домгийн эзэн болсон Ану байсан юм. 1671 оны орчим Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алагдаж, түүний орыг дүү Галдан авч, ахын бэлбэсэн хатан Ануг гэргий болгон суужээ. Далай лам түүнд «Бошогт» цол өргөмжилсөн тул Галдан Бошгот хаан хэмээн олноо алдаршсан. Энэ тухай түүх сурвалжид тэмдэглэснээс үзвэл: “Галдан өөрийн эх Юм-Агийн зөвлөснөөр Ануг гэргий болгосон аж. Энэ нь тухайн үедээ Ойрадын дотоодод хамгийн нөлөө бүхий хошуудын эзэн хүчирхэг Очирт цэцэн ханы дэмжлэгийг авах нь юу юунаас илүү чухал байсантай холбоотой, ач охин Ануг нь хатнаа болгосон бололтой. Эл үед Хошууд аймаг энэ үед хуваагдмал байдалтай болж зүүн жигүүрийг захирах болсон дүү Аблайн эсрэг тэмцэлд Ойрадын ханаас тусламж авахыг Очирт сэцэн хан ч ихэд эрмэлзэж байсан тул Ануг Галданд гэргий болгон өгөх зэрэг хоёр талын улс төрийн шалтгаанууд харилцан нэгдэн нийлжээ. Зарим зохиолд Ану бүр хүүхэд ахуй цагтаа Галдантай ойр дотно байж, Очирт сэцэн ханы өргөөнд өссөн тухай зарим нэгэн зохиолд тэмдэглэсэн байдаг. Энэ мэдээг үндэслэвэл Галдан нэгэнт Төвдөд шавилан суух болсон ба шашин номын хүн тул гэрлэж болохгүй байсан тухайн үеийн ёс журмын дагуу Сэнгийн хатан болсон бололтой. Харин хожим Галдан бошогтын хатан болжээ. Үүний дараа Зүүнгарын дотоодод тогтворгүй байдал бий болж Сэнгэ хунтайжийн орыг түүний дүү Галдан нь залган авч хаан ширээнд суусан байна. Монголчуудын ёсонд “Залгамал ураг” байсан тухай түүхч Д.Энхцэцэг <<Монголын нууц товчоо ба Эмэгтэйчүүд>> номондоо өгүүлсэн байдаг ба энэ нь монголчуудын эртний ёсонд хэрэв нэгэн язгууртан хүмүүн нас барвал түүний хатныг нь дүү нь юмуу ах нь авч залган урагладаг байв. Магад энэ ёсоор Сэнгэ хунтайжийг нас барсны дараа Ануг Галдан бошигт хаан хатан болгож авсан байж болох юм. Мөн зарим зохиолчдын бүтээлд Юм Агас хатан Анугийн сайн мууг шинжлэн үзээд хөвгүүн Галдандаа ахынхаа эхнэр Ануг хатан болгож авахыг зөвлөсөн ч гэж бичсэн нь буй. Ану хатны тухай эх сурвалжид дурьдахдаа зарим тохиолдолд Очирт цэцэн хааны охин гэж, заримд нь Очирт сэцэн хааны хүү Галдамаа Баатарын охин, өөрөөр хэлбэл Очирт сэцэн ханы ач охин гэсэн зөрүүтэй тэмдэглэсэн байдаг. Хэдий тийм боловч Ану хатны тухай мэдээ тун хомс, тусгайлан тэмдэглэж үлдээсэн зүйл байхгүй, ямар нэг үйл явдалтай холбогдуулан цөөн хэдэн нэр, үйл явдалд дурьдсан байдаг. Мөн Манжийн үеийн албан бичиг зэрэгт нэр нь дурьдагдсан байдаг. “Богд Чингис хааны уг, дөрвөн Ойрадын уг, Хошуудын угийн түүх бичиг” хэмээх монгол түүхэн сурвалж болон Ч.Далай, С.Цолмон зэргийн түүхчид Ануг Очирт цэцэн ханы хөвгүүн Галдамаа баатарын охин гэж үзжээ. Бошогт хааны хатан Ану түүний нэгэн насны хань гол түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг шадар «дайчин нөхөр нь» болж байжээ. 1674 онд өвөг эцэг Очирт сэцэн хан Галданд үл итгэх болж, хааны харъяат хүмүүсийг хураан авч, Галдангийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж, эцэст нь бут цохигдсон байдаг. Бошогт хааны цэрэгт цохигдон Иль өөд зугтан одсон үед ч Ану хатан өвөг эцгийн ятгалгыг үл сонсон Бошогт хааны дэргэд үнэнч хэвээр байжээ. Галдан Манж Чин улсад эзлэгдсэн Өвөр, Ар Монголоо буцааж авахын тул Чин улстай дайтсан билээ. Гэвч, Галдангийн цэрэг олон жилийн дайнд зүдэрсэн тул «Олгой нуурын» болон «Улаан будангийн» тулалдаанд хүч нь улам суларсаар Халхын гүн рүү жолоо залсан байна. Ану хатан Ойрадын улс төрийн эв нэгдлийг эрхэмлэн үзэж хагарал зөрчлийг гаргахгүй байхыг ямагт хичээж байжээ. Манжийн Энх-Амгалан хаан өөрийн биеэр гурван замын зургаа түмэн цэрэг хөдөлгөн Галданг цохихоор нэхэж урагшилсаар тэдний эцсийн том тулалдаан Туулын гол орчим, Тэрэлжийн «Зуун мод»-ны газар 1696 онд болжээ, Төр улсаа эмхлэн хураах олон дайнд оролцох үед нь, Ану хатан Галдангийн дэргэд байж, «харах нүдний чимэг», халуун амийг нь хамгаалах хүч болж, зовлон жаргалаа хуваалцсан итгэлт жанжин нь болж явжээ. Ану Галдангийн хатан болоод хүү Сэвдэнбалжир, охид Юнчихай, Бум нарыг төрүүлжээ. Төрсөн үр Сэвдэнбалжираа дайны хөлд алдан гашуудаж, нумын хөвчинд эрхий нь эвэршсэн үзэсгэлэнт хатан Ану дээрхи өглөөнөөс үдэш болтол тулалдан тэмцэлдсэн «Зуун мод»-ны орчим болсом тулалдаанд оролцох үед тэрээр Бошогт хааны хамт эрэлхэгээр тулалдан манж цэргийн хүрээг ярж зам гаргахаар тэмцэлдэж яваад дайсны суманд оногдон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь эрсдсэн юм. Энэ тухай Манжийн Энх-Амгалан хааны бичгийн 25 дугаар дэвтэрт өгүүлснээр: «..харах зэв хур бороо мэт .. миний үзсэн Ану/Дор/ хатан буунд оногдож үхсэн ... Галдан дөч, тавин хүн авч гарсан хэмээн сонгов» хэмээн тэмдэглэн үлдээжээ. Ану хатныг Хангайн нурууны нэгэн газар оршуулж “Хатант” хэмээн нэрлэсэн байна. Энэхүү нэр нь цаг хугацаа өнгөрөх тусам ард олны дунд сунжиран хэлэгдсээр “Хотонт” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд өнөөгийн засаг захиргааны нэгжээр Архангай аймгийн Өлзийт, Хотонт сумынхан Ану хатныг сахиж үлдсэн өөлдүүдийн удам гэлцдэг. Ану хатны Зүүнгарын улс төрийн амьдралд оролцож байсан дээрхи баримтуудыг түшиглэн үзвээс Ану хатан тухайн үедээ Зүүнгар хаант улс дотроо ихээхэн нэр хүндтэй эмэгтэй байсан бөгөөд Халх Ойрадын эв нэгдлийг хангахын тулд Халхын ноёдыг Зүүнгар хаант улсын талд татах мөн нөгөөтэйгүүр улс орныхоо төлөө Манжийн цэргүүдтэй тулалдаж эцэст нь өөрийн амиа зориулсан Зүүнгар хаант улсын түүхнээ тодорсон нэрт төрийн зүтгэлтэн эмэгтэй байсан амуй.

Comments


Бичлэг: 5 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Дэлхийн түүхэнд нэрээ дуурсгасан монгол хаадууд
. Монгол их хатдын нууц товчооны удиртгал
. Есүй хатан
. Өүлэн хатан
. Ану хатан
. Мандухай сэцэн хатан
. Хулан хатан
. Бөртэ хатан
. Лигдэн хаан
. Батмөнх хаан
. Мөнх хаан
. Хубилай хаан
. Зүчи хаан
. Цагаадай хаан
. Өгөөдэй хаан

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Монголын хаадын түүх




:-)
 
xaax