Есүхэй баатар ах дүү гурвуул Их Чилэдүгийн араас нэхэж долоон дов давтал хөөгөөд буцаж ирэн, Есүхэй баатар Өэлүн Үжиний суусан тэргийг хөтөлж ах Нэгүн тайж удирдаж, дүү Даридай Отчигин хажууд нь дагаж явав. Үүнд Өэлүн Үжин: "Ах минь! Миний Их Чилэдү салхи өөд сэглэгэр үсээ хийсгэж, хээр талд гэдсээ өлсгөж явна, эдүгээ би хоёр сэвлэг үсээ нэгийг нь ар тийш хаяж, нөгөөг нь өвөр тийш хаяж, хойш урагш унжуулж хэрхэн явах аж." гээд их дуугаар уйлахад Даридай Отчигин: "Уйлан санах эр чинь, ус олмыг гэтлэв, хайлж уйлавч харж чамайг үзэхгүй, дуугай бай! " гэж ятгав. Өэлүн Үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргийгээ болгов. Өэлүн Үжин Есүхэй баатартай ураглаад дөрвөн хөвгүүн, нэг охин төрүүлжээ. Тухайлбал: 1162 онд ахмад хөвгүүн Тэмүүжин (Чингис хаан), 1164 онд хоёрдугаар хөвгүүн Хасар (Хавт Хасар), 1166 онд гуравдугаар хөвгүүн Хачигун, 1168 онд дөрөвдүгээр хөвгүүн Тэмүүгээ Отчигин (Отчигин ноён) нарыг тус тус төрүүлэв. 1169 онд ганц охин Тэмүлэн (Тэмүүлэн гоо)-ээ төрүүлэв. Тэмүүжинг 9 настайд нь Есүхэй баатар Татар аймагт хорлогдоод зуурдаар нас нөгчив. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сухадай хоёр дээдсийн тахилгын газар (өвгөдийн хүүр оршуулах газар) тайлгын идээ өргөхөд Өэлүн Үжин оройтож ирснээс тайлгын идээний хувь хишгээс хожимдов. Өэлүн Үжин: "Та нар Есүхэй баатрыг үхэж гэв, үр хүүхдийг минь балчир гэж, ихэсийн тайлгын хишгийн шүүс тавилгаас хожимдуулсан уу? Та нар нүдээр үзтэл үл өгөх, нүүхдээ үл дуудахад хүрэв үү? " гэв. Тэр үгэнд Орбай Сухадай хоёр хатан: "Урьж чамд өгөх ёсгүй, учирвал чи идэх ёстой, хүргэж чамд өгөх ёсгүй, хүртвэл чи идэх ёстой!" гэв. Тэгээд Орбай Сухадай хоёр Есүхэй баатрын харъяат байсан Тайчуд аймгийн Таргутай Хэрилтуг, Тодойн Хирту нартай зөвлөж: "Эдний эх хөвгүүдийг нутагт нь орхиж нүүе, бүү авч явъя" гээд маргааш өглөө нь сэмээр Онон мөрний өөд хөдлөв. Өэлүн Үжин хөвгүүдийн хамт хуучин бууцандаа орхигдсонд Хонхотны Мэнлигийн эцэг Чирха өвгөн, нүүж явагсдыг очиж ятгасанд Тодойн Хирту: "Цээлийн ус ширгэв, цэгээн чулуу хагарав" гээд Чирха өвгөнийг жадлан хөөгөөд цааш нүүв. Чирха өвгөн гэртээ буцаж ирээд хэлсэнд Өэлүн Үжин ихэд хилэгнэж өөрийн биеэр туг барьж мордоод, тэдгээр иргэдийн заримыг буцаан авчирав. Гэвч буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй Тайчуудын хойноос нүүжээ. Өэлүн эх хуучин бууцандаа хаягдсаны дараа, нэгэн өдөр Тэмүүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүдэй дөрвүүл хамт сууж загас гөхдэжээ. Тэмүүжиний гөхөд нэгэн цайвар загас торсонд Бэгтэр Бэлгүдэй хоёр булааж авав. Тэмүүжин Хасар хоёр гэртээ ирж: "Манай гөхөд орсон нэгэн цайвар загасыг Бэхтэр Бэлгүдэй хоёр булааж авав" гэж Өэлүн эхэд заалджээ. Үүнд Өэлүн эх: "Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд ингэж маргалдана вэ? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэднэ биздээ? Ийм бол бид Тайчуудаас яаж өшөөгөө авч чадах вэ? Та нар битгий чингэ!" гэж сургав. Тэмүүжин, Хасар хоёр үл ойшоон, Бэгтэрийг харваж алаад буцаж ирсэнд Өэлүн эх тэр хоёр хөвгүүнийхээ царайг үзмэгцээ учрыг мэдэж: "Ханиа барагсад, ижлээ идэгсэд!" гэж буруушаан донгодов. Өэлүн эх өнчин хоцорсон үр хүүхдээ дагуулж Онон мөрнийг өгсөн уруудан нүүдэллээд арай чарай амь зуун амьдарч байтал Тайчууд аймгийн Таргутай Хэрилтуг шадар нөхдөө дагуулж, Өэлүний хөвгүүд өсөв гэж довтолсоор ирэв. Өэлүн Үжин тэднээс айж хөвгүүдийн хамт Онон мөрний хөвөөдөх ой шугуйд дутаан орж аюулаас хэлтэрчээ. Түүний хойно Өэлүн эх Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан байтал нэгэн өглөө шар гэгээ орж үүр цайж байхад, Өэлүн эхийн гэрт зарагдаж байсан Хуагчин эмгэн босч: "Эх эх хурдан бос! Газар дэлбэрэх мэт морины төвөргөөн сонсдож буй, аймшигт Тайчууд ирсэн биз, эх түргэн бос!" гэв. Өэлүн эх: "Хүүхдүүдийг түргэн сэрээхтүн" гээд өөрөө сандран босов. Тэгээд Тэмүүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ Отчигин, Бэлгүдэй, Боорчи, Зэлэм, Өэлүн эх Тэмүүлэнг өвөртөөн дүүрч тус бүр нэг морь унаад Бурхан Халдунд шургаж аюулаас хэлтэрчээ. 1190 оны эхээр Жамух гурван түмэт морьт цэргээ арван гурван анги болгон хувааж байлдахаар ирсэнд, Чингис хаан бас гурван түмэн морьт цэргээ арван гурван анги болгон хувааж Далан Балжуд гэдэг газар амдан тосоод ширүүнээр байлдав. Тэр тухай Чингис хааны эх Өэлүн Үжин болон түүний төрхмийн Олхунуд аймаг жич ойр төрөл, гэрийн хамаарагч нар нэгдүгээр хүрээ болж байлджээ. Жамухыг буцсаны сүүлээр, түүнийг дагаж байсан Оргудын Зөрчидэй, Мангудын Хойлдор, Хонхотын Мэнлиг нар тус тусын аймгаа дагуулж Чингис хаантай нийлэхээр ирэв. Үүнд Өэлүн Үжин хийгээд Чингис хаан их л баярлаж, Онон мөрний хөвөөн дэх балар шугуйд угтан аваад ихэд найрлажээ. Чингис хаан монголын олон аймгийг нэгтгэх үед, Өэлүн эх Мэргидийн нутгаас олж авсан Хүчү нэрт хөвүүн ба Тайчуудын Балодын нутгаас олж авсан Хөхэчү, Татарын нутгаас олж авсан Шихихутаг, Зүрхиний нутгаас олж авсан Борохолыг өргөн авч асран тэжээв. 1206 онд Чингис хаан монголын олон аймгийг нэгтгэсний дараа, эх хөвгүүд хийгээд дүү нартаа олон иргэдийг хувааж өгөв. Тэр тухай Чингис хаан: "Улсыг хураахад хэнээс ч илүү их зовж зүдэрсэн нь эх минь билээ. Дүү нарын минь хамгийн бага нь Отчигин билээ" гээд эх хийгээд Отчигинд түмэн иргэнийг хувааж өгөв. Үүнд Өэлүн эх чамлаж эс дуугарав. Чингис хаан Монголын олон аймгийг нэгтгэж их хаан өргөмжлөгдсөний дараа Хонхотын Мэнлиг эцгийн долоон хөвүүний дундах Хөхэчү Тэв Тэнгэр бөө: "Мөнх тэнгэрийн сахиулсан, Тэмүүжин нэг удаа улсын эрхийг барина, Хасар нэг удаа улсын эрхийг атгана гэж билэг тэмдэг мэдэгдэв. Хасараас эс болгоомжилвоос юу болохыг мэдэхгүй" гэж завсардуулан хэлэв. Чингис хаан энэ үгэнд итгээд, тэр шөнөдөө Хасарыг баривчлахаар хүн илгээв. Энэхүү чимээг Өэлүн эх олж сонсоод мөн шөнөдөө сүйх тэргэнд цагаан тэмээ хөллөж шөнө туж явж наран гарахын үеэр хүрч ирвээс Чингис хаан Хасарын ханцуйг уяж, малгай бүсийг нь аваад шүүн асууж байв. Эх нь хүрч ирсэнд Чингис хаан хирдхийн айв. Өэлүн эх уурлан тэрэгнээс буугаад Хасарын ханцуйн хүлээсгийг өөрөө тайлж тавиад, малгай бүсийгнь Хасарт өгч, уур хилэнгээ дарж ядан завилан суугаад хоёр хөхөө гаргаж хоёр өвдөг дээрээ байршуулан барьж: "Та нар харав уу! Хөхсөн хөх чинь энэ байна. Хадран хэрэлдэж, харбисаан хазаад, хүйсээн таслагчид! Хасар яав? Тэмүүжин энэ нэг хөхийг хөхөж бардаг, Хачигун Отчигин хоёулаа нэг хөхийг хөхөж барахгүй байдаг. Хасар ганцаараа хоёр хөхийн минь сүүг дуустал хөхөж цээжийг минь уужиртал амруулж, өвцүүг саруул болгодогсон. Тиймээс Тэмүүжин цээжиндээ эрдэмтэй, Хасар харвах хүчтэй, харшилдан гарсан этгээдийг харваж оруулах чадалтай, атаархан гарсан дайсныг алсаас буцаах эрдэмтэй, эдүгээ дайсныг дарж дуусав гэж Хасарыг үзэн ядаж байна уу?" гэв. Өэлүн эхийн уурыг намжуулаад Чингис хаан: "Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичэв. Бид одоо ингэхээ болъё!" гэв. Гэвч сүүлээр нь Өэлүн эхэд мэдэгдэлгүй далдуур Хасарын иргэнээс булаан авч 1400 хүнийг л үлдээж өгөв. Үүнийг Өэлүн эх мэдэж сэтгэл зовсоор түргэн хөгширөөд их удалгүй нас баржээ. Өэлүн эх бол Чингис хаан, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй байдлын дор тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цутай хүмүүс болгосон гавъяат эх болох юм. Миний хүү эцгийнхээ сүй тавьсан охиноо авчрах нь зөв. "Гэргийтэй хүний сэтгэл төвшин, Гэр чинь дулаахан байдаг юм" гэж Их эзэн Чингист сургасан эх билээ.