Татаарын Их-Чэрэнгийн охин. Чингис хааны төрийн дөрвөн хатны нэг. Есүй гоо үзэсгэлэнтэйгээс гадна их ухаантай хүүхэн учир Чингис хаанд алба, амины хэргийг зөвлөдөг байв. Аймаг угсаагаа хүйс тэмтрүүлж, авааль нөхрөө алуулсан боловч Есүй хатан Чингис хааны хамгийн үнэнч хүн байсан юм. Дайнд байлдаанд Чингис хаан голдуу Есүй хатныг авч явдаг байжээ. Нэг удаа Чингис хааныг Сартуул улсад байлдахаар мордоход Есүй хатан түүнд сануулж хэлсэн нь: - Хаан өндөр давааг давж өргөн мөрнийг гэтэлж, урт аянд мордохдоо улс иргэнээ захирахыг урьтал болгон сэтгэнэ үү. Түмэн амьтны хуулийг төгс ухаандаа санаасай. Уул мэт бие чинь нурж одвоос улс олон монголыг хэн захирах юм бэ? Тулгуур мэт бие чинь туйваж одвоос туг их сүлдийг чинь хэн өргөх юм бэ? Хаан хөвгүүн дүү нар, харц олон ард, хатад бид бүхэнд хариу айлдах эсэхийг хааны зарлиг мэдтүгэй гэжээ. Есүй хатны үгийг сонсоод Чингис хаан: - Хатан хун боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв. Дүү нар, хөвгүүд, Боорчи, Мухулай та нарын алин нь ч энэ үгийг дурьдсангүй. Би өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр үүнийг санасангүй гэж хэлээд даруй өөрийн хаан суурийг хөвгүүдийн хэнээр залгамжлуулах чухал асуудлыг шийдвэрлэжээ. Чингис хаан 1226 оны намар Тангуд улсад дайлаар мордохдоо Есуй хатныг авч явсан юм. Тэр өвөл Арбухад олон хулан авлахад Чингис хаан зост(толбот) бор морио унаж явжээ. Хулангийн сүрэг дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагажээ. Хааны бие бэртэж Цоорхо хэмээх газар буудалласан байна. Тэр өглөө Есүй хатан: - Хөвгүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие их халуурч хонов гэжээ. Үүнээс үзэхэд Есүй хатан Чингис хааны бие чилээрхэсэнд маш их санаа зовж байсан нь илт. Есүй хатан Чингис хааныг нас бартал дэргэд нь байж, асран сувилж байжээ. Тийм ч учраас Чингис хаан нас барахын өмнө Есүй хатанд Тангуд иргэнээс маш олныг өгсөн билээ. Есүй хатны ордон Туул голын хар шугуйд байжээ. Есүй хатнаас Ючибай хэмээх охин төрсөн байна.